А.ЛХАГВАЖАВ: АЛИВАА ТЭТГЭЛЭГТ УХААЛАГ, НЯГТ НЯМБАЙ ХАНДАЖ МАТЕРИАЛАА САЙН БЭЛДЭХ НЬ ЧУХАЛ

United Education Mongolia агентлагийн зүгээс Австралид улсад суралцдаг, ажилдаг залуучуудынхаа дуу хоолойг сонсох зорилготойгоор цуврал лайв бичлэгүүдийг хүргэдэг. Тэгвэл энэ удаад дээрх бичлэгүүдээ бичвэр ярилцлага болгон танд хүргэж байна. 

Бидний энэ удаагийн зочноор Сиднейн Технологийн Их сургуулийн Докторантаар суралцаж байгаа А.Лхагважав уригдлаа.

Манай уншигчдад өөрийгөө товч танилцуулаад, эрдмийн гараагаа хаанаас ямар мэргэжлээр эхлүүлж байсан тухайгаа яриагаа эхлүүлэх үү?

~ Сайн байцгаана уу. Миний бие яг одоогоор бол Австрали улсын Сиднейн Технологийн Их сургуульд докторын зэрэг горилон суралцаж байна. МУИС-ийг хэлний чиглэлээр баклавр зэргээ хамгаалаад дараагаар нь СЭЗИС-ийг төгсөөд тодорхой хугацаанд монголдоо ажиллаж байгаад гадагшаа сурахаар бэлтгэж байгаа 2016 онд Шинэ Зеландын Засгийн газрын 100 хувийн тэтгэлэгт хөтөлбөрт тэнцэж Хэрэглээний санхүүгээр магистрийн хөтөлбөрийг дүүргэсэн. Ингээд л одоо үргэлжлүүлэн Австралид суралцаж байна. Хичээлээ судлаад хэдийнээ нэг жилийн хугацаа өнгөрсөн байна. 

Та Шинэ Зеландын тэтгэлэгт хөтөлбөрт хэрхэн бэлдэж байсан бэ? 

~ Би материалаа 2015 онд явуулж байсан. Тухайн үед олон улсын буухиа шуудангаар материалаа явуулдаг байлаа. Одоо бол онлайн хэлбэрт шилжчихсэн. Шинэ Зеландийн тухайд өөрсдийнхөө худалдааны буюу партнер улсууд болох Индонез, Камбож зэрэг улсууд руу чиглэсэн байдаг. Монгол улс Шинэ Зеландтай тийм ч өндөр түвшний худалдаа эрхлээд байдаггүй ч миний мэдэхээр жилдээ 1-2 хүнд тэтгэлэг олгодог. 

Нөгөө талаас жил бүрийн онцлог гэж бас бий. Тухайн жилийнхээ тэтгэлэгийг маш сайн судлах хэрэгтэй, ер нь бол чи одоо ямар байгаа юм, цаашдаа юу хийхээр төлөвлөж байгаа, чиний дунд болон урт хугацааны төлөвлөгөө зорилго чинь юу байгаа юм, буцаж эх орондоо очоод эндээс сурсан бүхнээ хэрэгжүүлэх боломж, чадал байна уу зэргийг их хардаг гэх үү дээ. Ухаалга, хариуцлагтайгаар CV, материалаа бэлдэх хэрэгтэй. Ер нь хүн уйгагүй өөрийгөө бэлдэж боломжийг өөрөө өөртөө бий болгоорой. Миний хувьд энэ тэтгэлэгт 8 сар гаруй бэлдэж орсон. 

Яагаад Автралид докторын зэргээ хамгаалахаар шийдсэн бэ? Докторын тэтгэлэгт бэлтгэх явж хэр байсан бэ?

~ Шинэ Зеланд Австралийг бодвол хүн ам багатай, тайван улс. Би дараагийн сурах орноо Америк, Австрали, Канад гурвын аль нэг гээд бодчихсон байсан. Докторын тэтгэлэгт яг ковидын үеэр хүсэлт гаргасан байсан болохоор Америк, Канадаас тодорхой байдалтай байна дараа жил болгож хойшлуулж болох уу гэсэн хариултууд ирээд байсан. Харин Австралиас хамгийн эхэнд тэтгэлэг олгох санал ирсэн мөн миний судалгааны чиглэлд маань хамгийн их нийцсэн. Удирдагч багш маань уул уурхайн санхүүжилтийн чиглэлээр нилээн олон томхон сэтгүүлүүдэд материалаа нийтэлж байсан туршлагатай байсан нь миний одоо хийж байгаа судалгааны ажил болон эрхэлж буй ажилтай минь уялдаж өгсөн. 

Тэтгэлэг авахад Шинэ Зеландад хичээж байгаад өндөр дүнтэй төгссөн маань мэдээж маш сайн суурийг тавьж өгсөн. Засгийн газрын тэтгэлэгээс гадна тухайн сургууль маань өөрөө тэтгэлэг өгдөг эсэх гээд сургуулиа судлах нь их чухал. За тэгээд Докторын тэтгэлэг авах үгүйг бараг шийддэг хамгийн чухал нөлөөлөх зүйл бол “удирдагч, хянагч” багшаа олох.

Та удирдагч багшаа олохдоо хэр хугацаа зарцуулсан бэ? Туршлагаасаа хуваалцаач. 

~ Удирдагч багшаа олох үгүйгээс чиний тэтгэлэг авах эсэх шууд хамааралтай. Өөрийн чинь судалгааны ажилд хэр дэмжлэг болох вэ гэдгийг маш сайн судалж материал, хүсэлтээ сайн нямбай бэлдэж явуулах хэрэгтэй. Тэр болгонд багш нар “тийм, за” гэсэн хариу өгөхгүй. Жишээ нь: энэн дээр ийм нэмэлт мэдээлэл хэрэгтэй, энийг ингээд нэмээд сайжруулчих гээд судалгааны ажлыг маань 70-80 хувь өөрчлөөд надруу явуулж байсан. Мэдээж амар зүйл гэж байхгүй засаж нэмэх зүйл байвал засаад чанартай сайн материалаа бэлдэх нь чухал гэж боддог. 

Ярилцсан П.Солонго

Leave a Reply

Your email address will not be published.