Спорт гангараа биш, амьдралын хэмнэл байгаасай

Анх Австрали улсад ирээд хамгийн их бахархаж байсан зүйл маань бараг хүн бүр спортоор хичээллэдэг үгүй ядахдаа л өглөө босоод гүйдэг нь гайхмаар сайхан санагдаж байсан.Өглөө эрт үүрийн бүрэнхий 5, 6 цагт ажилдаа явахаар гарахад заавал нэг гүйж байгаа юмуу , ямар нэгэн  дасгал хөдөлгөөн хийж байгаа хүнтэй баттай таардаг байлаа. Бороотой, салхитай, хүйтэн ямар ч цаг агаартай байсан олон биш ч дасгал хийж буй хүн байж л байдаг. Дасгал хөдөлгөөнийг үнэнчээр амьдралынхаа нэг хэсэг болгож чадсан энэ байдлаар нь их бахархадаг байлаа. Тэр ч утгаараа дурын нэг Австрали хүнтэй спортын талаар яриа эхлүүлэхэд дэмий мэдэхгүй сэдвээ хөндөж гэж харамсахаар өргөн мэдлэгтэй бүр бүх төрлийн спортын талаар их гүнзгий мэдлэгтэй, тамирчдаа мэддэг, тэдний гаргасан амжилтаар бахархаж хүндэлдэг,  спортод их хайртай хүмүүс байдгийг мэдэж авсан

10 жилийн сургуулиудад түргээмэл спортын төрлүүдийг улирал, улиралаар ээлжлээд ордог нь хүүхдүүдэд сонирохдог спортын төрлөө мэдэж, олох хэрэв хүүхэд хүсвэл цааш нь гүнзгийрүүлэн суралцах дугуйлан дамжаа хаа сайгүй, үгүй ядахдаа гадаа дасгал хийх паркууд чөлөөтэй. Эцэг эхчүүд нь амралтын өдрүүдээр хүүхдүүддээ цаг их зарцуулан спортын арга хэмжээ бүрт оролцон хамт байж, сэтгэлээсээ дэмжин спортыг эерэг дадал хэмээн ойлгуулж, түүнийг амьдралынх нь нэг хэсэг болгон хэвшүүлж байгаагаас нь үнэхээр үлгэр дуурайлал авмаар. 

     Хороолол, хотхон бүрийн ойрхон сагс, хөл бөмбөгөөс эхлээд хүссэн спортын дасгал хөдөлгөөн, уралдаан тэмцээн зохиож болох задгай парк, мэргэжлийн тоноглогдсон  талбайг улсаас бэлдээд өгчихсөн, уур амьсгалын таатай орчин гээд спортоор хичээллэхгүй байхын аргагүй. 

     Энэ сайхан орчиныг Австралид амьдардаг манай монгол багш дасгалжуулагчид маань ч гэсэн зүгээр өнгөрөөдөггүй сагсан бөмбөг, гар бөмбөг, хөл бөмбөг, таеквондо,уран нугаралт, бүжиг, бодибилдиг гээд олон төрийн спортоор монгол гадаад хүүхдүүдэд багшилж эхнээсээ шавь нар нь амжилт гаргаад л явж байгаа. Спортын хүүхдэд өгөх ач тус тоолоод барашгүйг хүүхдүүдэд маань гарч байгаа өөрчлөлтүүд бэлхэнээ харуулдаг. 

     Миний хувьд хүүхдүүдээ мэргэжлийн тамирчин болохгүй ч спортын ач тусыг мэддэг, амьдралынхаа нэг хэсэг болгон, эрүүл мэнддээ анхаардаг хүмүүс болоосой мөн чөлөөт цагаараа дурлан хийдэг спортын төрлөө олоосой  гэж боддог болохоор гадаад монгол багштай олон дугуйланд хамруулж байсан. Нэг дугуйлангаас нөгөө дугуйланд зөөсөөр амралтын өдрүүд дуусдаг хэмнэлээр багагүй хугацааг өнгөрөөсөн ч одоо бол тэдний хамгийн дуртай дугуйлан нь монгол багштай сагсны дугуйлан. Эхнээсээ ч амжилт гаргаад эхэлсэн. Сурч буй зүйлээрээ амжилт гаргаж байгаа болохоор хүүхдүүд маань ч дуртай тэднийгээ дуртай зүйлээ олоод түүнээсээ баяр баясал мэдэрч байгааг нь хараад ээж миний хувьд амжилтаас илүү жаргалтай байгаад нь талрахдаг болсон. Судлаач, эрдэмтэн Анжела Дакворт: сонирхол- хөдөлмөр- зорилго- хичээл зүтгэлдээ итгэх итгэл дөрөвийн нийлбэр бол амжилт хэмээн тодорхойлсон байдаг.

     Монголд маань ч гэсэн хүүхдүүд аюулгүй, дураараа тоглож хөгжих цэцэрлэгт хүрээлэнгүүдийг олноор бий болгож, сургуулиудын гадна талбайг хүүхэд бүр хүссэн спортоороо сонирхон хичээллэх орчин болгон тохижуулж, эрүүл чийрэг ирээдүйг бүтээгээсэй. 

Бичвэр: Д.Азжаргал 

United Education Mongolia.

2022.04.28

Leave a Reply

Your email address will not be published.