Хүнд жаргал бэлэглэдэг ажил бол хамгийн сайхан ажил

   Хатуу ур чадвараас илүү зөөлөн ур чадварыг үнэлэх болсон одоо үед сайн дурын ажил хийх нь хүүхдэд зөөлөн ур чадварыг суулгахад тустай дадлага болдог юм байна. Одоо цаг үед аль ч салбарт, сайн дурын ажил хийдэг болон, сайн дурын ажилд уриалж чаддаг байна гэдэг нь тухайн хүний үзэл баримтлал, хандлагын  илэрхийлэл болсон. Харин тухайн ажлыг хийж буй хүндээ бол хичээл сургууль, гэр бүлийн орчноос гадна бодит амьдралд хир зэрэг ойрхон байгаа, гадаад орчин нийгмийн амьдралыг  хэрхэн ойлгож дүгнэх, түүнд яаж зохицон амьдрах болон нийгмийн ялгаатай давхаргыг ойлгож мэдэхэд сайн дурын ажил үр өгөөжтэй.     Тиймээс ч сүүлийн үед нэр хүндтэй томоохон сургууль, ажил олгогч нар мэргэжлийн ур чадвараас гадна сайн дурын ажил хийж байсан үгүйг чухалчлан авч үздэг болоод байна.

      Учир нь сайн дурын ажилд хамрагдаж байсан хүүхэд багаар ажиллах чадвар, хувийн зохион байгуулалт, цаг заваа төлөвлөх, удирдан манлайлах болон удирдуулах чадваруудыг илүү төлөвшүүлчихсэн байдаг нь өнөөгийн багаар ажиллах, хамтдаа өсч хөгжихийг эрхэмлэдэг болсон нийгэмд гол чадвруудыг нэг болоод байгааг томоохон компаниудын хүний нөөцийн мэргэжилтэнүүд тодорхойлж хэлсэн байхыг олон нийтлэлээс уншиж байлаа. 

     Сайн дурын ажлыг нийгэмд эерэгээр үнэлэгдэх, сайн сургууль, том компанид ажилд ороход зайлшгүй шаардлагатай шалгуур гэдэг өнцгөөс биш хүний нийгэмд амьдарч л байгаа бол чиний тус нэмэр хэрэгтэй зүйлд бага гэлтгүй оролцож байхыг хүүхдүүдээ захидаг, тэд маань ч найз нөхөдтэйгөө сайн дурын ажилд оролцоно. Заримдаа хүүхдүүдээ  оффистоо аваачиж бусдад туслуулж, хааяа  хамтдаа сайн дурын ажил хийнэ. Ихэнх ажлын дараа сэтгэл хангалуун байдаг ч зарим үед тухайн хийсэн ажлаасаа болоод урам нь хугарах үе ч тэдэнд гарна. Гэсэн хэдий ч  хийсэн ажил бүр нь тэдэнд аливаа нэгэн асуудлыг бодитоор олж харах, бусдад уг асуудлын тухай ойлгуулах, шийдэх, хийх сэдэл төрүүлэх, түүний төлөө шийдэл хайж, багаар ажиллаж, бусдыг уг зорилгодоо уриалах гэх мэт чадваруудыг бага багаар суулгаад байгааг нь анзаараад, амьдралын өнгө бүртэй танилцаж байгаад нь талархана.  Хамгийн гол нь бусдын сэтгэл санааны байдлыг ойлгох дотоод мэдрэмж, өөрийн үнэ цэнэ, үзэл бодлоо хамгаалах үнэт чанарууд нь хөгжиж байгааг харах урамтай байдаг. Одоо хийж буй үйлдлүүд нь жижиг зүйлс мэт боловч бие нь өсж, оюун бодол нь тэлэхийн хирээр бусдын төлөө хийх үйлдэл, гаргах сэтгэл нь бас томорно гэдэгт итгэлтй байна. Сайхан зүйлстэй холбогдсон хүн сайхан зүйлд л татагддаг болохоор бусдаас авдаг сайхан сэтгэлийн талархал нь дараагийн сайхан зүйлд дуудсаар байх биз.  

       Минийхээр бол  сайн дурын ажил хийдэг хүмүүс мөнгөний төлөө бус цаг заваа зориулан бусдын сайн сайхны төлөө ажиллаж чаддаг, өөрийгөө таньж мэдсэн,амьдралын идэвхтэй, бусдыг сайн сайхан зүйлд хөтөлдөг түүнээсээ аз жаргал мэдэрдэг хүмүүс байдаг гэж боддог. Хүнд жаргал бэлэглэдэг ажил бол хамгийн сайхан ажил. 

Бичвэр: Д. Азжаргал

United Education Mongolia 

18.05.2022