Хэдхэн жилийн өмнө медаль миний хүүхдийн үнэлэмж юм шиг л олимпиадаас олимпиад руу зөөгөөд хүүхдүүдийнхээ хүүхэд насыг сүйтгэх шахсан зурвас үе надад бий….

     Хүүхдүүдийнхээ спортод дурлах сэдлийг нь төрүүлэхээр олимпод оролцож буй спортын төрөл бүр  дээр суваг тааруулж, мэдлэгийнхээ чадамжаар тайлбарлаж, спортын сайхныг ярилцан, жүдо бөхийн багийн холимог барилдааны шагнал гардуулах ёслолын ажиллагаа үзэж байсан бидэнд охин маань нэг хөөрхөн нууцаа дэлгэв. 

-Би мөнгөн медальд дуртай байсан ш дээ тийм болохоороо шатрын тэмцээнд албаар хожигдоод мөнгөн медаль авсан гэдгийн байна. Хүн болгоны анхаарал түүн дээр тусахад тэр нууц түүхээ ярьж өгөв. Ангийн багш нь шатрын тэмцээн зохион байгуулж, самбарын өмнө шагнал болох алт, мөнгө, хүрэл медалиудыг байрлуулсан байж. Тэр гурван медалиас дундаас мөнгөн медаль нь манай хүнд хамгийн гоё харагдаад байж гэнэ. Хэдэн хүүхэдтэй тоглоод хожсоны дараа багш нь

 -Энэ хоёр хүүхдийн хожсон хүүхэд алтан медаль, хожигдсон нь мөнгөн медалийн эзэн болно, бас тэр хоёр хүүхдийн хожсон нь хүрэл медаль хожигдсон нь медальгүй шүү гэж. Тэгэхээр нь өрсөлдөгчдөө мэдэхгүй байгаа царай гаргаад ‘понер мад”-аар  хожигдоод мөнгөн медаль авсан гэдгээ хэлэв. Гэнэн ч юм шиг, бардам ч юм шиг. 

 Ах нь бүр гайхаад: Юу? Хүн бүр л алтан медаль авахын төлөө хичээдэг биз дээ,чамайг албаар хожигдсон гэж бодоогүй дээ гээд л олон асуултаар булав. Охин:

 -Тэр үед надад мөнгөн медаль гоё харагдаад байсан юмаа, тэр хүүхдийн юу гэж бодох надаа хамаагүй ш  дээ би мөнгөн медаль авахыг хүсээд л авсан гээд ер тоосон шинж алгаа.  Охинд минь алтан медаль авч шилдэг нь байх биш хэнээс ч хамааралгүй өөрт таалагдсан зүйлийнхээ төлөө хийсэн үйлдэл нь таашалтай, чухал байсныг яриа, биеийн хэлэмжээс нь ойлгов. 

   Тэрхэн зуур медалийн тухай бодол, дурсамж цухас орж ирлээ. Хэдхэн жилийн өмнө медаль миний хүүхдийн үнэлэмж юм шиг л олимпиадаас олимпиад руу зөөгөөд хүүхдүүдийнхээ хүүхэд насыг сүйтгэх шахсан зурвас үе надад бий. Эцэг эхийн дутуугийн комплексыг хүүхдүүд гүйцээх албатай юм шиг л бөөн комплекстэй эцэг, эх, багш нар хүүхдүүдээ дагуулан олимпиад бүр дээр тааралдсаар байгаад бараг хамаатан болохоо шахсан танил царайнууд. Томчуудын амбиц, медальтай  байлгах гэсэн хүсэл, сургуулийн нэр, төлбөрийн баталгаа болон ашиглагдах хөөрхөн хүүхдүүд, тоогоо бодохдоо тооны гайхамшигт дурлаж биш олимпиадад түрүүлж медаль авахын төлөө тоглох  цагаа хасуулан бодлогоо бодоход хамаг цагаа зориулсан бяцхан жаалууд. (Тэгэхдээ уралдаан тэмцээн амжилтын учир утгыг ойлгочихсон хэрсүү хүүхдүүд ч байгаа л даа). Одоо бол надад энэ үнэлэмж их л хортой юм шиг санагддаг болж. Нэг талд шилдэг, мундаг, аварга болж л байвал ямар аргаар байх нь хамаагүй гэсэн уралдаанд түрүүлэгчид нөгөө талд тэр уралдаанд ялагдаад түүнтэйгээ эвлэрэн, цэцэг шиг насан дээрээ өөртөө итгэх итгэл, хүсэл мөрөөдлөө  муу сурлагатан цолоор сольсон бас нэг хэсэгийг бий болгоод  байна уу даа гэж бодогддог болсон.

 Энэ бодол минь хүүхэд бүрт ялгаатай авъяас, хүсэл мөрөөдөл, өвөрмөц чадвар байдаг тэрийг хэн нэгэнтэй уралдуулж биш өөрийн дур сонирхолоор хийж буй зүйлд нь туслаж дэмждэг, бодит үйл явцыг урамшуулдаг байх нь хүүхэд бүрийн өвөрмөц ертөнцийг нээхэд тустай ухаан байж ээ гэж хожимдсон ч гэсэн эргэн тойрноосоо хараад ухаарсан ухаарлаас минь үүдэлтэй. 

  Мэдээж хэрэг хүний нийгэм хойно өрсөлдөх, уралдах зүйл байлгүй л яахав. Тэгэхдээ энэ хайрлам бодьгалуудыг хэн нэгнийг ялан дийлэхээс илүү өөрийн хүсэл мөрөөдлөө биелүүлэхээр зорих замд  учирах саад бэрхшээлүүдийг ялах ялагч болгож өсгөхсөн. 

Харин медалийн хувьд бол  өөрийн хүсэл мөрөөөл, өөрийн гэсэн өвөрмөц чанараа нээж олоход нь туслаад, түүнийгээ хөгжүүлэхэд гаргасан хичээл зүтгэлийг урамшуулдаг хэрэгсэл нь медаль байж яагаад болохгүй гэж. Энэ  бол миний л  бодол бас ухаарал минь. 

 

Бичвэр Д.Азжаргал

21.10.2021
United Education Mongolia

Leave a Reply

Your email address will not be published.