Австралид бага сургуульд эцэг, эхийн хурал хэрхэн явагддаг вэ?

Австралид Бага сургуульд эцэг, эхийн хурал хэрхэн явагддаг вэ?

Сидней хотод охин маань бага сургуулийн 4 дүгээр ангид суралцдаг. Яг одоо буюу 6 сарын 17-нд охины маань сургуулиас, багш эцэг эхчүүдтэй хийх ярилцлагийн (Parents teacher Interview) захидал хүргүүлжээ. Одоогоор сургуулийн 2 дугаар семестр дуусч, улирлын амралт 6 – сарын 23-нд эхлэх гэж байгаа тул багш нар улирал бүрийн төгсгөлд эцэг эхчүүдтэй уулздаг байгаа. 

Миний мэдэх эцэг эхийн хурал бол эцэг эхчүүдийг ангид бөөнөөр нь суулгаад ангийн багш самбарын өмнө гарч хурал хийдэг бөгөөд энэ хурал дээр хүүхдийн амжилт, алдаа оноог нийтэд нь хэлдэг байсан санагддаг мөн улирлын фонт хураамж, засварын мөнгө гэх талаар ярилцдаг байсан санаж байна. Одоо гэхдээ мэдээж өөрчлөлт орсон байгаа байхаа.

Эцэг эхчүүд багштай уулзах ярилцлага яагаад чухал бэ?

Эцэг эхчүүд багштай хийх энэхүү уулзалт, ярилцага бол хүүхдүүдийнхээ суралцах үйл явцын талаар ярилцах, дараа дараачийн суралцах үйл явцад ахиц дэвшил хэрхэн гаргаж болох талаар ярилцдаг хамгийн чухал уулзалт байдаг.

Энэхүү уулзалтаар багш 6 үндсэн чиглэлд Үүнд: математик Англи хэл, түүх, шинжлэх ухаан & технологи, бүтээлч ба практик урлаг, хувийн хөгжил, эрүүл мэнд, биеийн тамрын боловсрол гэх мэт үнэ цэнтэй мэдээлэл өгдөг.

Эцэг эхчүүдтэй багш уулзах ярилцлага хэрхэн явагддаг бэ?

  1. Багш эцэг эхчүүдтэй уулзах ярилцлага семестр бүрийн сүүлийн долоо хоногт явагддаг бөгөөд хурал болохоос хамгийн багадаа 14 хоногийн өмнө эцэг эхчүүдэд Class Dojo application -( эцэг, эхчүүдтэй харилцдаг апплейкейшн) мэдэгдэж 7 хоногийн өмнөөс эцэг, эхчүүдэд захидлаар уулзалтын өдөр, цагаа товлоно уу гэсэн хүсэлт захидал хүргүүлдэг
  2. Уулзалтын цагийг онлайнаар бөглөх бөгөөд уулзалт 10-20  минут үргэлжилнэ.
  3. Уулзалтаас өмнө сургуулийн сайт дээр эцэг, эхчүүдэд зориулсан тусгай асуултууд мөн байдаг. (Жишээ болгоод доор “Эцэг эхчүүдэд зорилсан асуулт” оруулж байна)
  4. Зарим сургуулиуд дээр Монгол орчуулагч авах боломжтой байдаг
  5. Ярилцлага үед эцэг эх хоёр хүүхэдтэйгээ гурвуулаа оролцвол илүү сайн байдаг
  6. Багшийн ярьсан зүйлийн талаар тэмдэглэж авах цаас балтай очвол илүү зүгээр

Уулзалтын үед юуг чухалчлан ярилцдаг вэ?

Энэхүү ярилцлагаар багш нар семестрийн төгсгөл болгож  сурагчдын ахиц дэмшил, хичээл зүтгэл ололт амжилтын талаар хүүхэд тус бүр дээр тусгай тайланг боловсруулан бэлтгэдэг. Энэхүү тайланд

Achievements:  Сургууль дээрээ хүүхэд хэрхэн амжилттай ололттой байгаа талаар тайлбарлаж өгдөг

Sound Level – Тухайн хичээлийн сэдвийн хүрээнд хэрхэн ойлгож хүлээн авч байгааг тайлбарладаг

Effort-  Хүүхэд суралцах явцдаа, хэрхэн өөрийгөө дайчлаж байгаа талаар тайлбарладаг.

Гэх мэт ярилцлага бол яг тухайн хүүхэд хэрхэн суралцаж байгаа цаашид юун дээр илүү анхаарах хэрэгтэй болох тал дээр багштай тусгайлан ярилцдаг чухал уулзалт болдог байгаа. Эндээс эцэг эхчүүд бид хүүхдүүдтэйгээ хэрхэн яаж ажиллах хэрэгтэй байна гэдэг талаар маш сайн ойлголт олж авах болно.

Миний хувьд Австрали & Шинэ Зеландын бага, дунд ахлах сургуулиудын боловсролын систем судлах сонирхолтой бөгөөд охиныхоо сургууль дээр сайн дурын ажил хийж 2 долоо хоног тутам гардаг Newsletter – орчуулахад туслаж нэлээдгүй зүйлсийн талаар суралцаж л явна.

Ярилцлага жишээ асуултууд

Хүүхэд маань бусад хүүхдүүдтэй хэр нийцтэй байдаг бэ?
Яг одоогоор ямар зүйлсийн талаар суралцаж байна бэ?
Хүүхдэд маань яг одоогоор хэрэгцээтэй зүйл байна уу?
Хүүхэд маань хичээлдээ хэр оролцоотой байна бэ? мөн асуулт хэр асууж байна бэ?
Хэр ахицтай байна вэ?
Сургууль дээрх ямар үйл ажиллагаануудад хамгийн дуртай байна бэ?
Хүүхдэд маань хэн хэнтэй илүү найзалдаг вэ?
Дараагийн долоо хоногт ангийнхан ямар ямар төрлийн үйл ажиллагаанууд зохион байгуулагдах бэ?
Хүүхдэд маань ямар нэгэн санаа зовоосон асуудал байна уу?

Гэх мэт асуултууд байна.

Бичвэр: П.Солонго